Чуулган.мн

Сонгууль зэрэг бүхнийг шийддэг ХААН-тай болж байгаа бол эрх зүйт төр үгүй болно

Сонгуулийн явцад хууль зөрчсөн баримт байвал СЕХ-д, шүүхэд хандах хуультай. Өмнөх сонгуулиудаар ингээд явдаг байсан. Гэтэл зарим улстөрч худал цуурхал тарааж бөөн сүржигнээд СЕХ-г татан буулгана, энэ асуудлыг Ерөнхийлөгч, ҮАБЗ гартаа авч шийдээч гэж хандахын зэрэгцээ энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ (үймээн самуунд уриалж байна уу) гэж сүрдүүлэв.

Ерөнхийлөгч болон бусад аливаа албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох нь манай Үндсэн хуульд буй эрх зүйт төрийн зарчим гэдгийг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл, Ерөнхийлөгч дээрх улс төрчдийн шаардлагыг хүлээн авсан даруйд СЕХ-ыг дуудаж уулзаад гараар тоолох, хяналтын тооллого хийхийг даалгах маягтай бичиг өгчээ.

Ерөнхийлөгчид СЕХ-нд ийм даалгавар, чиглэл өгөх бүрэн эрх ямар ч хуулиар байхгүй тул дахиад л Үндсэн хуульд харш зүйл хийв. Х.Баттулга гэж хүний зүгээс өөрөө шууд болон ҮАБЗ-өөр дамжуулан УИХ, ЗГ, Шүүх, одоо СЕХ-ны ажилд хутгалдаж үндэсний баатар болдог болов. Хуулиас гадуурх энэ мэт дур зоргын ажиллагаа нь хаа хүртэл үргэлжлэх вэ? Бүхнийг шийддэг нэг хүн байвал хууль, өөр өөр эрх хэмжээтэй байгууллагууд байхын хэрэг байна уу? Бүхнийг шийддэг нэг ХААН-тай болох уу? Асуудалтай хүн бүр очиж ХААН-д долигоноод л асуудлаа шийдүүлээд л, сүр бадруулаад л…

Ийм болчихвол УИХ ч, ЗГ ч, шүүх ч, СЕХ ч, ардчиллын өөр ямар ч институт хэрэггүй болно. Ийм дэглэмд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл үгүй тул аяндаа дарангуйлалд ордог. Тэгээд одонгийнх шиг шүүмж, үзэл бодлоо илэрхийлэх мантай юм болно штэ. Ийм дэглэм рүү санаатай болон санамсаргүй явсаар байна уу?

Р.Жаргал

Төстэй мэдээ

Уншиж байна....