Чуулган.мн

Европын холбоо Монгол улсад 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Европын холбоо Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе болон Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе: Европын холбоо Монгол Улстай 1989 онд дипломат харилцаа тогтоож, 2018 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Өнөөдөр Европын холбоо Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байна. Төсвийн дэмжлэг үзүүлэх асуудал 2018 онд Еврокомиссын Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад айлчлах үеэр анх хөндөгдсөн.

Төсвийн дэмжлэг гэдэг бол зээл биш буцалтгүй тусламж гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү буцалтгүй тусламж нь тухайн улсын төсөв рүү шууд орно.

Энэ буцалтгүй тусламжийн үр дүн Монгол Улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг болно. Мөн буцалтгүй тусламжийн үр дүн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт дотоодын нөөц ашиглалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв санхүүгийн удирдлагад тавигдах хяналтыг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Европын холбооноос буцалтгүй тусламжаар 43 сая еврог төсвийн дэмжлэг болгон олгож байна. Мөн нэмэлтээр 7.8 сая еврог бодлогын арга хэмжээнд техникийн туслалцаа үзүүлэх төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Техникийн туслалцаа үндсэндээ төсөв санхүүгийн ил тод байдал, уул уурхайгаас бусад салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Эхний ээлжид Европын холбооноос 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд шилжүүлнэ. Үүнийг үндсэндээ Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг бууруулах чиглэлд зориулан олгож байна. Covid-19 дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж, дэлхий даяар бизнесүүд зогсонги байдал байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн яаралтай дэмжих, тэдний бизнесийг нь сэргээх чиглэлд энэ дэмжлэг үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү хоёр дахь шатны төсөл нь нийт 11 сая еврогийн төсөвтэй. Энэ 11 саяын евро энэ төслийг цаашид хэрэгжихэд дэм болно.

Европын холбоо Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалт”-д оруулсан. Европын холбоог төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, Монгол Улсын санхүү эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого, гадаад харилцааны бодлогод огт хамааралгүйгээр Европын холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд FATF жагсаалтад байгаа улс орнуудыг өөрийн жагсаалтдаа оруулахаас өөр аргагүй байдаг. Иймээс бид Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтад оруулсан. Энэхүү жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд Европын холбооноос үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг, худалдаа эдийн засгийн харилцаанд ямар нэгэн нөлөө байхгүй. Ямар нэгэн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавигдахгүй гэдгийг дахин хэлье. Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх дэмжлэг, бидний харилцаа хамтын ажиллагаа улам бүр цаашид эрчимжин, хөгжинө гэдгийг нэгэн нотолгоо бол өнөөдрийн зурсан хэлэлцээр юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улсын төсөв дээр дэмжлэг болгож, 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан талархал илэрхийлж байна. Монгол Улсын хөгжлийн түншүүдэд гүн талархал илэрхийлж байна. Covid-19-н цар тахал улс орон, эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ цагт Монгол Улсад Европын холбооноос тусламжийн гараа сунгаж, төсөвт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байна. Монгол Улсын төсөв ил тод байдлын индексээр дэлхийд 15 байраар урагшилж, 45 дугаарт эрэмбэлэгдэж байна. Төсөвт олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Европын холбооны гишүүн улсуудын ард иргэдийн татвараас бүрдсэн энэ тусламжийг хөрөнгийг үр дүнтэй хариуцлагатай зарцуулна гэв.

Д.Алигэрмаа

Төстэй мэдээ

Уншиж байна....